Мэдээж нэгэнт байр худалдаж авч байгаа бол шинэ байранд орохыг бодох нь ойлгомжтой ч зарим тохиолдолд шинэ байр хуучнаасаа хамаагүй дор байх тохиолдол нилээдгүй гарч байгаатай маргах хүн гарахгүй бизээ. Тиймээс шинэ орон сууц авахдаа анхаарах зүйлс олон бий гэсэн үг.

Та дараах зөвөлгөөнд анхаарлаа хандуулна уу…
1. Байр сонгоно гэдэг амаргүй ажил…

Орон сууц худалдан авна гэдэг бол хүнс ногоо, гутал хувцас авдаг шиг өдөр тутам хийгдэх зүйл биш, хүн амьдралдаа нэг хоёр юмуу хэдхэн удаа л нүүр тулах чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой. Зарим хүн хэдэн байр үзсэн болчихоод байр худалдан авахын хэцүүг болон ядарч залхаж байгаагаа гайхаж, сүүлдээ хальт үзсэн байраа түргэхэн авчих нь ажиглагддаг. Тэгвэл энэ бол угаасаа амаргүй ажил, тийм ч байх ёстой гэдгийг хамгийн эхэнд сануулъя. Хэсэг хугацааны турш уйгагүй байр үзэж, үнэ болоод чанарын судалгаа, харьцуулалт хийж гэмээнэ таны илүү сайн байр авах магадлал өндөрсөх нь мэдээж билээ.

2. Төсөв

Бүх шаардлага нөхцөлийг зуун хувь хангаж, сэтгэлд тань бүрэн нийцэх байрыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв таны төсөв мөнгө хязгаартай бол зарим нэг нөхцөлөө эргэн харж үзэж, хамгийн чухал гэснүүд дээрээ төвлөрөн сонголт хийхээс аргагүй гэдгийг бүү мартаарай.

3. Байршил.

Энэ бол орон сууцны үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай УБ шиг замын түгжрэл ихтэй, өвөлдөө хүйтэн, нийтийн тээвэр нь сайн хөгжөөгүй хотод! Сүүлийн үед цөөнгүй шинэ зам, гүүр тавигдаж байгаа хэдий ч УБ хотын хүн ам хийгээд машины тоо нэмэгдсэн хэвээр байгааг санаарай. Таны хамгийн түрүүнд хийх тооцоо бол байршил хол ч хямд үнэтэй байр, байршилд сайтай үнэтэйвтэр байр хоёрын үр өгөөжийг дэнслэх асуудал юм. Мөн мэдээж та өөрийн ажил, хичээл сургууль, цэцэрлэг гээд гэр бүлийн гишүүдийнхээ өдөр тутмын очих шаардлагатай газруудтайгаа ойр байршлыг сонгох нь та болоод таны гэр бүлийн цаг завыг хэмнэхээс гадна асар их мөнгөний урсгалыг хэмнэх хамгийн эрүүл сонголт болдог юм шүү. 

4. Эргэлзээ

Байрууд үзэж явахад танд тэр болгон таалагдахгүй, адаглаад л нэг хоёр зүйл нь сэтгэлд нийцэхгүй, нэг л эргэлзээтэй санагдаад байх вий. Үүнээс болж аятайхан байр олно гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэж бухимдах шаардлагагүй, учир нь мэдэхгүй зүйлдээ эргэлзэж үл итгэнэ гэдэг хүний сэтгэлзүйн нэг онцлог юм. Хүн байранд ороод амьдраад ирэхээр аяндаа дасч, анх сул тал болон харагдаж байсан зүйлс нь ихэнхдээ нэг их мэдрэгдэхээ больчихдог тал байдаг. Тиймээс боломжийн санагдсан ч эргэлзээд байгаа байраа дахин үзэх буюу цааш судлах, сул тал бий бол үүнийг яаж шийдэх вэ гэж бүтээлчээр бодоод үзээрэй. Эсрэгээр дүгнэвэл, удаан амьдарсан байраа амаа олохгүй магтаад байгаа хүмүүс байрандаа их дассан байдгийг санахад илүүдэхгүй.

5. Хуучин байр…

Хүний амьдарч байсан байр авах гэж буй бол эзнээс нь яагаад зарж байгааг, байр нь ямар давуу болон сул талтай болохыг асуу. Хөршүүдийнх нь хаалгыг тогшиж барилгын чанар болоод байраа зарах гэж буй айлын талаар юу мэдэхийг нь мөн асуугаарай. Барилгын чанарын талаар тийм сайн ойлголтгүй байлаа ч ядаж крантыг нь нээж, паарыг нь барьж, өрөө хоорондын ханыг тогшиж үз. Өвлийн цагт дулаахан байр авах боломжтойн сацуу худалдан авагч цөөн байдаг тул байрны эзэнтэй үнийн тохиролцоо хийхэд дөхөмтэй байдгийг санана бизээ. Ер нь шинэ ч бай хуучин ч бай байрны хувьд чанарыг нь мэдэх хүмүүсээс сайн асуух, барилгын компанийнх нь өмнө барьж байсан барилгуудыг судлах, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагаас зөвлөгөө авах зэргээр мэдээлэл цуглуулаарай.

6. Ирээдүйн үнэ цэнэ

Байрны зөвхөн одоогийн нөхцөл байдлаас гадна мэдээж хэрэг ирээдүйн үнэ цэнийг бас тооцож үзэх хэрэгтэй. 2-3 жилийн дараа дэргэд нь маш сайн сургууль баригдана, эсвэл Нарны гүүр шиг шинэ гүүр юмуу зам баригдаж хотын төвд ойртохоор бол үнэ цэнэ нь мэдээж өснө. Эсрэгээр ирээдүйд хэт олны хөлийн газар болох, ойр орчинд өндөр өндөр бүтээн байгуулалт ихээр хийгдэнэ гэвэл сайнгүй нь тодорхой. Өөрөө хэсэгтээ амьдрахгүй, хөрөнгө оруулалт болгон авч байгаа бол гадны хийгээд дотоодын иргэдийн хөлслөхөөр сонирхдог газар, түгээмэл нөхцөл шаардлагад нийцүүлэн авбал ашигтай. Жишээлбэл, Монголд ажиллахаар ирдэг ихэнх гадныхан хотын төвд, шинэвтэр цэвэрхэн, харуул хамгаалалт сайтай байр хөлслөх хүсэлтэй байдаг.

7. Граж

Агаарын бохирдол, замын түгжрэл зэргээс гадна машины зогсоол гэж том асуудал УБ хотод маань бий. Өвлийн ид хүйтэн ирэхэд машинтай боловч гражгүй иргэдийн санаа зовдог. Хэрэв та граж авах уу яах вэ гэж эргэлзэж байгаа бол, эсвэл мөнгө чинь бага зэрэг дутаад байгаа бол, ирээдүйд машинтай болох төлөвлөгөөтэй байгаа бол дулаан граж яаж ийгээд авахыг хичээгээрэй. Монгол улс маань дулаардаггүй л юм бол үнэ цэнээ үл алдах хөрөнгө шүү.

8. Байр таалагдлаа, одоо авъя гэвэл…

Бичиг баримттай нь няхуур танилцах ёстой. Байрных нь гэрчилгээг үзэх, ЭХЭБГ-с байрны лавлагаа авч зээл, барьцаатай эсэхийг нь мэдэх, хамтран эзэмшигчидтэй бол цаадуул нь зөвшөөрөл өгсөн эсэхийг юуны түрүүнд шалгах шаардлагатай. Хэрэв авах байр чинь шинээр ашиглалтад орсон, эсвэл худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах байр бол илүү олон бичиг баримттай улам няхуур танилцах хэрэгтэй гэсэн үг.

9. Бэлэглэлийн гэрээ гэдэг нь…

Хүмүүсийн хоорондоо бэлэглэлийн гэрээ хийж байр худалдах нь элбэг. Тэгвэл энэ гэрээ нь худалдан авагчид ихээхэн эрсдэлтэй, худалдагчид их ашигтай байдаг. Ерөөс энэ бол аав ээж, ах дүү хамаатан садан, найз нөхдийн хооронд хийгдэх учиртай гэрээ бөгөөд танихгүй хүмүүс хоорондоо хийвэл бидний нэрлэдгээр хуурамч бэлэглэлийн гэрээ болно. Иргэний хуулийн 280-р зүйлд бэлэглэгч хэд хэдэн тохиолдолд энэ гэрээг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй байдаг. Жишээлбэл:
280.1.1 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн,
280.1.2. Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан… гэх мэт.

10. Банкны зээлээр авах тохиолдолд…

Банкны зээлээр байр авах гэж буй бол та байраа сонгохын өмнө зээлийн талаар сайн судалж, боломжит материалуудыг эртхэн бүрдүүлсэн нь дээр. Тэгэхгүй бол байр үзэх үедээ –Би зээлээр авах юм. Өнөө маргаашаас материалуудаа бүрдүүлж эхэлнэ гэвэл байрны эзэн таныг –Энэ ч мөдгүй нөхөр байна гэж бодоод нааштай хариу өгөх нь юу л бол. Харин –Миний материал бүрэн одоо ганцхан байраа сонгох л үлдсэн. Зээл маань хэдхэн хоногтоо гарчихна гэж ярьвал шал өөр байдаг. Хүмүүс банкны зээлийн талаарх сайн ойлголтгүйгээсээ болон түргэн зарах сонирхолдоо хөтлөгдөн бэлэн мөнгөтэй хүн таарвал байраа худалдчих сонирхол ихтэй байдаг тул таалагдсан байраа алдахгүйн тул банкны зээл авч чадна гэдгээ ямар нэг аргаар батлах хэрэгтэй.