Орон сууц худалдан авахад дараах гурван хүчин зүйл нөлөөлнө.
Дүүрэг, өрөөний сонголт, мкв үнэ ханш. Энэ гурвыг нэгтгэнэ гэдэг маш хэцүү. Хүмүүс ихэвчлэн орон сууц авах дүүргээ эхэлж сонгодог. Ажил сургууль цэцэрлэг гээд л амьдралынхаа аль ойрхон газарт орон сууц хайдаг. Дараа нь өрөөний сонголт. Амьжиргааны түвшнээсээ хамааран орон сууцны сонголт гарч ирнэ. Сүүлд нь яах аргагүй хамгийн чухал зүйлийн нэг мкв үнэ. Та сонгосон дүүргээсээ хоёр өрөө орон сууц хайлаа гэж бодъё. Мкв талбай нь болж байна. Даанч үнэтэй. Эсвэл бүүр эсрэгээрээ мкв нь боломжийн үнэтэй ч хоёр өрөө байр байхгүй. Дээрх 2 сонголтууд аль аль нь байлаа орчин нь таалагдахгүй гээд олон асуудал гарч ирнэ. Мкв үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаардаг. Давхраас, цонх нь аль зүг харснаас, төлбөрийн шатлалаас дээрх зөрүү гардаг. Орон сууцаа сонгохоос тань өмнө нэгэн үнэтэй зөвлөгөөг танд хүргэе.
МХЕГаас орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байгааг дуулгахад таатай байна.
- Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас бүрэн авсан байдлыг нэг бүрчлэн нарийвчлан үзэх;Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийгдсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй нь танилцах;
- Барилга угсралтын ажлаа эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх;
Захиалагч, гүйцэтгэгчийн эдийн засгийн чадамж, дадлага, туршлага зэргийг нарийвчлан судалж мэдсэн байх; Тухайлбал урд нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх; - Гүйцэтгэгч, захиалагч байгууллагын өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харъяа татварын албанаас лавлах; Энэ тухай лавлаж мэдэхийг санхүүгийн чадвартай аж ахуйн нэгж, байгууллагууд санал болгодог.
- Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвлан танилцах;
- Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах;
Улсын хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх шаардлагатай. - Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, оршин суугчдын санал зөвлөмжийг авах хэрэгтэй. Та орон сууц худалдан авахдаа эдгээр зөвлөмжийг заавал мөрдөөрэй. Ихэнх хүмүүс улсын комисс хүлээж авсан орон сууцыг чухалчилдаг.
Та сонгосон орон сууцныхаа чанарыг нь яаж мэдэх вэ?
Барилгын чанар компаний нэр хүндэд оршдог гэдгийг та нэг бодоод үзээрэй. Бид амьжиргааныхаа түвшнээс хамаараад мкв үнэнд ач холбогдол өгөөд чанарын асуудлыг орхигдуулдаг тал бий. Та байр захиалахдаа барилгын үндсэн хийцийг нь заавал асуугаарай. Сүүлийн үеийн барилгуудыг карказ эсвэл бүрэн цутгамалаар барьж байгаа. Мэдээж бүрэн цутгамал барилга нь хамгийн чанартайд тооцогдоно. Орон сууцыг болж өгвөл өвөл авбал зүгээр. Наад зах нь л дулаахан эсэхийг мэдэх боломжтой. Вакум цонхны жийргэвч муугаас мөстдөг. Дулаан алддаг. Хэрвээ та дулаарсан үед орон сууц авах гэж байгаа бол оршин суугчдаас нь тухайн барилгынхаа талаар мэдээлэл авах боломжтой шүү дээ. Орон сууцанд хамгийн гол нь сантехник сайн байх хэрэгтэй. Таны амь настай холбоотой зүйлийн нэг нь байгалийн давагдашгүй хүчин болох газар хөдлөлтөд тухайн барилга тэсвэртэй байх эсэхийг асуугаад үзэхэд гэмгүй.
Ихэнх барилгын компаниудын орон сууцны захиалгын танилцуулга дээр 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй гэж бичсэн байдаг.
Үнэхээр энэ үг нь бидний амь насанд баталгаа болж чадах уу. 2004 оноос УБ хотын хэмжээнд 600-гаад газар жижиг хэмжээний хөдлөлт болсон гэж байгаа. Төр засгийн нөлөө бүхий албан тушаалтан нэгэн ярилцлагандаа – Муугаар бодоход нийслэлд 9 баллын газар хөдлөлт боллоо гэхэд хотын барилгын 95 хувь, 8 баллын газар хөдлөлтөнд 70 хувь нь нурна гэсэн тооцоо бий гэжээ. Улаанбаатар хотыг газар зүйгээр нь хэд хэдэн баллын газар хөдлөх магадлалтайг гаргасан байдаг юм билээ. Бага баллын газар хөдлөлттэй байршилд байр хайна гэвэл үнэхээр хэцүү. Яагаад гэвэл өнөөдөр орон сууцанд сонголт гэж алга байна шүү дээ. Орон сууц худалдан авахад дараагийн нэг болгоомжлох зүйл бол гарцаагүй мкв зөрүү.
Худалдан авсан орон сууцны тань мкв зөрүүтэй байвал яах вэ?
1 мкв зөрүү гэдэг саяар тоологдох мөнгө шүү дээ. 2009 онд Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан “Орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачилал”-д зааснаар орон сууц барилгын талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэмжилт хийвэл зохино гэсэн байгаа . 2004-2010 оны хооронд шүүхээр шийдвэрлэгдсэн маргаануудаас нь 50 гаруй хэрэг орон сууцны талбайн хэмжээг тооцохтой холбогдон гарсан хэрэг байдаг юм байна.
Орон сууцны талбайг
– Иргэний хуулийн 142, 147 дугаар зүйлүүд
– Орон сууцны тухай хууль
– Орон сууц хувьчилах тухай хууль
– Орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачлалаар зохицуулагдана.
Иймээс та орон сууцныхаа мкв-т эргэлзээд байвал зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий байгуулагад хандах нь ээ. Харамсалтай нь мкв зөрүүг хэмжиж гаргадаг дагнасан компани гэж байхгүй гэхэд болно. Ингээд танд хууль эрх зүйн талаасаа барилгын компанитай гэрээ хийх л үлдэж байна.
Та орон сууц худалдан авах захиалга өгөхдөө Орон сууц захиалан бариулах гэрээ хийнэ.
Орон сууцны захиалга авч буй барилгын компаниудын гэрээ өөр өөр байдаг. Барилгын компани болон орон сууц худалдан авагч этгээдүүдийн эрх үүрэг нь эрх тэгш байх хэрэгтэй. Барилгын компани нь орон сууцаа заасан хугацаандаа ашиглалтанд оруулах нөгөө талаас захиалагч буюу орон сууц худалдан авагч төлбөр тооцоогоо хугацаанд нь төлөх гэх мэтчилэн. Барилгын компаниуд өөрсдийнхөө эрхээ илүү бичээд үүргээ орхигдуулдаг тал бий. Ер нь барилга барьж байгаа орон сууцанд захиалга өгөхдөө гэрээнд юу юугүй гарын үсэг зурахаа азнаад үсэг өгүүлбэр бүрийг маш сайн унших хэрэгтэй. Ямарваа нэг маргаан гарлаа гэхэд таны хийсэн гэрээ шүүх дээр таны талд шийдвэрлэгдэх ёстой. Ингээд улс бидэнд орон сууцанд татварын хөнгөлөлт эдлүүлж байгааг танд дуулгахад таатай байна.
Нийгмийн даатгал сар бүр төлөгч иргэн та анх удаа орон сууц авч байгаа бол хувь хүн орлогын албан татвараас 3 сая төгрөг буцаан авах эрхтэй.
“Хувь хүний орлогын албан татварын хууль-ийн 16 дугаар зүйлд, 16.1.12. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Та жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор, амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд холбогдох баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх эрхтэй.
1 сэтгэгдэл
Улаанбаатар хотод шинээр баригдсан/баригдаж буй орон сууцны мэдээлэл - Шинэ орон сууц
[…] авах гээд юуг анхаарахаа сайн мэдэхгүй байвал ЭНД ДАРЖ шинэ орон сууц худалдан авагч нарт зориулсан зөвлөгөө […]